СОЁЛЫН ЭЛЧ: Д.Гантөмөр: "Монголд зочлох жил" нь аялал жуулчлалыг хурдтай сэргээх түлхэц хүч болно

https://montsame.mn/mn/read/309124

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын элч, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөртэй ярилцлаа.

 -Таныг Монголын соёлын элчээр томилоод жил гаруй болжээ. Цар тахлын дараах амаргүй цаг үед  аялал жуулчлалын салбарт соёлын бодлогыг юу гэж тодорхойлж байна вэ? 

-Аялал жуулчлалын салбарын тухайлсан элч гэж байхгүй ч аялал жуулчлал нь Монголыг бүхэлд нь танилцуулдаг зорилтот зах зээл. Жуулчид Монголд яагаад ирэх ёстойг тодруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, соёл, дипломат харилцаа, бизнесийн гүүр салбар. Аялал жуулчлалын орлого үндэсний ДНБ төдийгүй, орон нутгийн иргэд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэдэг. Иймд аялал жуулчлал нь соёлыг төлөөлөх элч юм. Соёлын элч нь ГХЯ-тай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, жил бүр ажлаа тайлагнадаг. Соёлын элч нь хийдэг ажил дээрээ үүрэг, хариуцлага нэмж байна гэсэн үг.

Түүнчлэн, соёлын элч нь аливаа улс орны геополитик, улс төр, эдийн засгийн бодлогод онцгой хувь нэмэр оруулдаг, заримдаа үл үзэгдэхүйц арга хэрэгсэл гэж болно. Монгол Улсын хувьд эдийн засаг, худалдаа, гадаад харилцааг аль нэг улсаас хэт хамааралгүй, тэнцвэртэй байлгах, төв Азийн коридор бүс болоход үндсэн бодлого оршдог. Манай аялал жуулчлал БНХАУ, ОХУ, БНСУ гэсэн 3 зах зээлээс хамаардаг. Эдгээр орноос тус бүр 100 мянгаас олон жуулчин авдаг. Гэхдээ хэт иен, юанийн эдийн засгаас хамааралтай соёлын бодлого явуулах нь таагүй. Хөрш орнуудтайгаа тэнцвэртэй бодлогыг тогтвортой, харилцан ашигтай явуулах эхний алхам нь соёлын хамтын ажиллагаа. Аялал жуулчлал нь эх орондоо байгаа зүйлээрээ доллар олох боломжтой салбар. Тухайлбал, орос жуулчин Монголд ирээд малынх нь махыг амталж таашааснаар ирээдүйн худалдан авагч болж болно. Энэ л аялал жуулчлалын үүрэг учир соёлын бодлого нь 3 дахьч хөршийн бодлоготой ингэж уялдах ёстой. Хүмүүсийн оюун санааны хөгжлийн дутуу байдалд монголын соёл амин дэм болох магадлалтай. Аль улс оронд ямар бодлого явуулах "чагнуур" нь соёлын элчийн үйл ажиллагаагаар илэрхийлэгдэнэ. Аялал жуулчлал түүнийг нь бараа бүтээгдэхүүн болгож, дундын коридор үүсгэнэ. Монголын давуу тал болох байгальтай хамааралтай эрх чөлөө, ардчилал, хүний эрх гэдэг үнэт баялгийг монгол хүнд үр ашигтай байхаар хадгалж хөгжүүлэх үүрэг бидэнд бий.